• info@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721

Сонгуулийн хууль батлагдсанаас хойш хуулийг тойрсон шүүмжлэл одоо ч үргэлжилсээр байна. Бидний өнөөдрийн ярилцлага энэ хуулийг шүүмжлэхээс илүүтэй түүнд хэрхэн нийцүүлж сонгуульд оролцох талаар зөвлөгөө, зөвлөмж авахаар мэргэжлийн хүнийг зорьсон юм. Өмгөөллийн “Легал Полиси” хуулийн фирмийн ахлах зөвлөх Т.Энхбаяртай уулзаж ярилцлаа.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч, Удирдлагын академийг төрийн удирдлагын чиглэлээр тус тус төгссөн, сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн судалгааны багт зөвлөхөөр ажилласан туршлагатай.

– Сайн байна ууТанд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулийн жил эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвших иргэд эрхэлж буй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд нь өгч дууссан. Эдгээр хүсэлтийг шийдвэрлэх хуулийн хугацааны талаар иргэдээс их асуудаг. Та үүнд хариулж өгөөч?

– Сайн байна уу. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн жилийн 01 сарын 31-ний өдрөөс хойш хуульд заасан ажил, албан үүргийг гүйцэтгээгүй байх, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн жилийн 04 сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш хуульд заасан ажил, албан үүргийг гүйцэтгээгүй байхаар ялгаатай хуульчилсан. Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг ажил олгогч ямар хугацаанд шийдвэрлэх талаар хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй. Ажилтан хүсэлт гаргасан өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхин явах эрхтэй болдог, уг эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдана. Ажилтан хүсэлтээ нэгэнт гаргасан бол түүнийг 30 хоногийн дотор  явуулах уу, эсвэл 30 хоног өнгөрөөд өөрөө ажлын байраа орхих хүртэл нь харзнах уу гэсэн 2 л сонголт ажил олгогчид үлддэг.  Хүсэлтийг хүлээн авахаас татгалзана гэсэн ойлголт байхгүй. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид ч хамааралтай. Учир нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг.

– Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч ямар ямар баримт бичиг бүрдүүлэх  вэ? Баримт бичгүүдийг бүрдүүлэх явцад анхаарах асуудал юу байх вэ 

 УИХ-ын болон аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг нь ялгаатайн дээр анхаарах хэд хэдэн асуудал байна.

Юуны өмнө сонгуульд нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байх шаардлагатай. Тэдгээрээс гадна банк, бусад хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх, татварын хугацаа хэтэрсэн төлбөргүй байх, ял шийтгүүлж байгаагүй, шийтгүүлж байсан бол ялгүйд тооцогдсон байх, цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн бол үүргээ биелүүлсэн байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигч бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагуудыг тавьсан байгааг анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хуульд заасан хугацаанд холбогдох баримт бичгүүдийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Эдгээрээс онцлон хэлэхэд  хуульд заасан ажил, албан тушаал эрхэлдэг бол ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, чөлөөлөх тухай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд байршуулсан нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтын дагуу бөглөх, мөн өр төлбөргүй болохыг нотолсон мэдүүлгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 13-р тогтоолын 1,2,3 дугаар хавсралтад заасны дагуу эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг авна. Бие даан нэр дэвшигчийн анхаарах хамгийн чухал асуудлын нэг нь төрийн аудитаар хянуулсан мөрийн хөтөлбөртэй байх, 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг цуглуулсан байх шаардлага юм. Сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дээрхи тогтоолын холбогдох хавсралтад заасан маягтын дагуу зуруулах бөгөөд гарын үсгийг хуурамчаар, сонгуулийн эрхгүй этгээдээс эсвэл хүч хэрэглэх болон хариу төлбөртэй худалдан авах замаар цуглуулах хориотой. Дээрх шаардлагыг хангаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Орон нутагт бие даагчийн хувьд нэгэн адил. Харин бие даан нэр дэвшигчийн сонгогчдын гарыг үсэг цуглуулах тоо нь УИХ-д 801-ээс доошгүй бол аймагт 201-ээс, нийслэлд 501-ээс доошгүй байна.

Гуравдугаарт, Аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бөгөөд харин төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд энэхүү баримт бичгийг бүрдүүлж өгөх шаардлага тавигдаагүй. Саяны дурдсанаас бусад, хуульд заасан баримт бичгүүдийг бүгдээрээ нэгэн адил бүрдүүлж өгнө. Түүнчлэн нэр дэвшигчийн өр төлбөргүй болохыг нотолсон мэдүүлгийг Сонгуулийн ерөнхий хорооны дээрхи тогтоолын 4 дүгээр хавсралт болон бусад хавсралтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд нэр дэвшигчийн өртэй эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулах эрх нь сонгуулийн байгууллагад байгаа.

– Нэр дэвшигчийн дансны зарцуулалт болон тайлан, мэдээг хэрхэн  хянах вэ?

– Нэр дэвшигчээр бүртгүүлснийхээ дараагаар сонгуулийн зардлын данс нээлгэнэ.  Данс нээлгэснээс хойш 5 хоногийн дотор дансны дугаар, банкны нэрийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бол Сонгуулийн ерөнхий хороо, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газарт, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч бол тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд дансанд орж ирэх хандивын хэмжээнд дээд хязгаар тогтоогоогүй, харин данснаас зарцуулах хэмжээ нь Монгол улсын Ерөнхий Аудиторын 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 12-р тушаалаар тогтоосон болон аймаг, нийслэлийн Аудитын газраас тогтоосон зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд өөрийн хөрөнгө, хандивыг хуримтлуулна.

Нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороо болон тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Сонгуулийн байгууллагууд нь хүлээн авсан зардлын тайлан, холбогдох баримт бичгийг Үндэсний Аудитын газар болон аймаг нийслэлийн Аудитын газарт хүргүүлнэ. Дээрхи газрууд нь зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлнэ. Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар хуульчилсан.

Таны хэлснээр дансанд орж ирэх мөнгөнд хязгаар гэж байхгүй бол нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд зарцуулаад үлдсэн мөнгийг яах ёстой вэ?

 Зарцуулаагүй үлдсэн хандивыг хэрхэх талаар хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

– Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа өөрийн хөрөнгөөр болон хандиваар хийдэг. Тэгвэл нэр дэвшигчийн өөрөөсөө гаргаж байгаа хөрөнгө, мөнгөнд хуулийн ямар нэгэн шаардлага байгаа юуХэмжээ заасан уу 

Нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн хэмжээнд хязгаарлалт заагаагүй, харин зарцуулалтын тухайд өмнө нь хэлсэн хязгаарлалт үйлчилнэ. Шаардлагын тухайд хувь хүний хөдөлмөрийн хөлс болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого байна. Нэр дэвшигч зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахгүй.

– Тэгвэл хандивын тухайд?

 Мөнгөн хандив нь өмнөх хуультай харьцуулахад дүн нь өссөн байгаа. Иргэн 3 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл өгч болно. Хандивыг сонгуулийн жилд 1 л удаа өгнө. Хандив өгч буй иргэн, хуулийн этгээдэд хуулиар тавьсан шаардлага гэж байгаа. Түүнчлэн хандив авч болохгүй этгээдээс хандив авсан нь тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулалттай байгаа. Иймд хандивын хувьд нэр дэвшигч болон түүний сонгуулийн штаб хуулийн хүрээнд хянуур, болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн төрийн аудитын байгууллагаас нэг сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэн, хоёр сая төгрөгөөс дээш хандив өгсөн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг өгсөн мөнгөний хэмжээтэй нь танилцуулна.

– Нэр дэвшигч, түүний сонгуулийн штабт мөнгөн хандиваас гадна эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах, үнэ хөлсгүй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандив өгч болох уу?

 Сонгуулийн хуулиар хандив нь мөнгөн болон мөнгөн бус төрөлтэй байхыг заасан ба мөнгөн бус хандивт эдгээр асуудал багтаж байгаа. Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгааны хугацаанд зөвхөн нэр дэвшигчид л өгөхөөр зохицуулсан. Харин нэр дэвшигчийн сонгуулийн штабт өгч болох зохицуулалт байхгүй. Энэхүү хандивын үнэ нь иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хандивын үнийн дүнгээс хэтэрч болохгүй. Хандивлагч, нэр дэвшигчтэй бичгээр гэрээ байгуулсан байхыг шаардана.

– Сонгуулийн жил эхэлснээс хойш тодорхой үйлдлүүдийг хуулиар хориглосон байгаа. Тэгвэл нэр дэвшигчийн сурталчилгааг ямар арга хэлбэрээр хийж болох болон хориглоогүй үйл ажиллагааг дурдвал?

 Сонгуулийн жил гарснаар хуулийн 70 дугаар зүйлд заасан тодорхой үйлдлүүд хийхийг хориглосон. Нөгөө талаар хуулиар зөвшөөрсөн сонгуулийн сурталчилгаа хийх арга, хэлбэрүүд байна. Тухайлбал, гудамж, талбайд сурталчилгааны зурагт самбар байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевиз болон  цахим хуудас ашиглаж хийж болох бөгөөд тус бүрд нь хуулиар тавигдсан шаардлага гэж байгаа.

Ер нь нэр дэвшигчид хуульд заасан сурталчилгааны хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхээс гадна сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

– Нэр дэвшигчийн сонгуулийн штабын буруутай үйл ажиллагаанаас болж нэр дэвшигчийн нэрийг татах хүртэл хариуцлага байгаа гэсэн. Энэ дээр таны өгөх зөвлөмж?

-Хуульд зааснаар нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч байгаа. Эдгээр хүмүүсийн хийхийг хориглосон үйлдлүүдээс дийлэнх нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохоор байна. Хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан байсан ч хүчингүй болно. Иймд сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд болон ажиллах хүч дээр нэлээд хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх боломжтой юу?

-Нэр дэвшигчийг нөхөн дэвшүүлэх нь УИХ-ын сонгуулийн хувьд л боломжтой, орон нутгийн сонгуулийн тухайд хязгаарлагдсан. УИХ-ын сонгуульд нөхөн нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигч нас барсан эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд л нам, эвсэл нөхөн нэр дэвшүүлэхээр байгаа. Нөхөн дэвшүүлэхдээ санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө болно.

-Сонгуулийн маргааныг шүүхийн шатанд ямар хугацаанд шийдвэрлэж байна вэЕр нь сонгуультай холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ 

-Өмнөх хуулиар сонгуулийн маргаан шүүхийн шатанд нэлээдгүй хугацааг өнгөрөөдөг, хянан шийдвэрлэх хугацааг тодорхой заасан зохицуулалт байгаагүй. Тиймээс ч он дамнан үргэлжилж байсныг бид мэднэ. Энэ хуулиар тодорхой хугацаануудыг хуульчилсан. Хуульд зааснаар аливаа этгээдийн гаргасан өргөдлийг тухайн шатны сонгуулийн байгууллага 3 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дээрхи хугацаанд шийдвэрлээгүй болон шийдвэрийг зөвшөөрөхгүй бол өргөдөл гаргагч нь дээд шатны сонгуулийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. Сонгуулийн байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Орон нутгийн хурлын сонгуультай холбоотой тухайн шатны сонгуулийн байгууллагад холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Улсын Их Хурлын сонгуультай холбоотой Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох маргааныг Улсын дээд шүүх анхан болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Хугацааны хувьд нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч 3 хоногийн дотор хэрэг үүсгэх талаар шийдвэр гаргана. Тухайн захиргааны хэрэг үүсэхээр бол шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд 1 удаа 10-аас илүүгүй хоногоор сунгаж болно. Анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэхээр байгаа.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.

                                                                      Эх сурвалж: https://gogo.mn/r/73y24   Сэтгүүлч, редактор  А.Баяржаргал

© 2022 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК