Монголын Хуульчдын холбооны гишүүн, “Легал полиси” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Х.Энхтайвантай ярилцлаа.
-Бүсчилсэн хөгжлийг та хуульч, судлаач хүний хувьд хэрхэн харж байна. Аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгосноор ямар үр дүн гарах бол?
-Ер нь сонгууль бол Монголын ард түмний, Монголын нийгэм, эдийн засаг, тогтолцооны ирээдүй хувь заяаг тодорхойлж, шийдэхэд гол нөлөөлөх маш чухал зүйл. Түүнийгээ дагаад иргэд сонгуулийн боловсролтой байх нь өндөр ач холбогдолтой учраас энэхүү ярилцлагыг сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зорилгод илүү чиглүүлэх хүсэлтэй байгаагаа дурдах нь зөв болов уу.
Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох ес дэх удаагийн сонгууль ирэх зургадугаар сард болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд холимог, томсгосон болон жижиг мажоритар зэрэг сонгуулийн олон системийг бид ашиглаж ирлээ. Энэ удаагийн онцлог нь бүсчилсэн хөгжил дээр тулгуурласан сонгуулийн систем. Энэ систем хэр чухал болох талаар хуулийн төсөл санаачлагчид, улстөрчид өнөөдөр ам уралдуулан магтаж байна. Миний хувьд бүсчилсэн системд тулгуурласан сонгуулийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бүсчилсэн хөгжил чухал ч Монголын өнөөгийн цаг үед тохиромжгүй, цаг нь болоогүй гэж харж байна. Бүсчилсэн хөгжлийг намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, улмаар ялсан намын Засгийн газар хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэр Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх ажлыг парламентад халдааж чиг үүргийн гажуудал руу түлхэж байна. Гэтэл үүнийг сонгуулийн тогтолцооны үндсэн суурь болгож байгааг ойлгохгүй байна. Жишээ нь, Баян-Өлгийг Монголын бүсчилсэн хөгжлийн нийгэм, эдийн засгийн ямар үзүүлэлтээр тусад нь тойрог болгосон нь харагдахгүй байна. Нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хувьд хоорондоо ямар ч хамааралгүй аймгуудыг нэг бүс хэмээн бүсчилж сонгууль хийж байгаа нь маш оновчгүй бодлого. Хангайн том уулсаар зааглагдаж хоорондоо автозамаар ч холбогдоогүй Архангайг Өвөрхангай, Баянхонгортой холбож байгаад ямар бодлого шингэсэн бэ. Мөн хоорондоо ямар ч эдийн засгийн таталцалгүй баруун дөрвөн аймгийг нэг бүс болгож байгаа нь Монголын ямар бодлоготой нийцэж байгаа нь огт ойлгомжгүй байна.
Намын бодлого гэдгээсээ илүү аймгаасаа төлөөлөлтэй болчихъё гэсэн нутгархаг бодлоос шалтгаалж бүсчилсэн хөгжил биш, харин ч аймгуудыг талцуулах эвдрэлийн үндэс болохоор байна.
Тэгээд ч Монгол Улсын бүсчилсэн хөгжил бол баруунаасаа төв рүү, зүүнээсээ төв рүү буюу Улаанбаатар руу чиглэсэн диаграмтай шүү дээ. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг нэг замаар Улаанбаатар руу явдаг, нэг уулыг дагаж амьдардаг, нэг том голыг дагаж ундаалдаг нийтлэг соёлтой. Гэтэл яагаад үүнийг нэг бүс болгоогүй юм бэ гэхчлэн асуудал олон байна.
Бүсчилсэн хөгжил чухал. Гэхдээ Монголын нийгэм, эдийн засаг, иргэдийн улс төрийн боловсрол бүрдээгүй үед хүчээр улс төрийн газрын зургийг зурж байгаа нь цаг үеэ олоогүй бодлого.
-Мандатын хуваарилалт нь хуулийн ямар нэгэн зөрчил үүсгэх болов уу?
-Сонгуулийн тогтолцоотой холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороод байна. Гэтэл УИХ-аас сонгуулийн тойргийг байгуулж мандатын тоог батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд УИХ-ын гишүүнийг нийтээрээ сонгох зарчмыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Тодруулбал, УИХ-ийн сонгуулийн тухай хуульд зааснаар хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоох журамтай. Гэвч эдгээр нөхцөлүүдийг харгалзалгүй, ялангуяа сонгогчийн тоог харгалзалгүй мандатын тоог тэгш бус, үндэслэлгүй тогтоосон байна. Жишээ нь, 164 мянган сонгогчтой Баянгол дүүрэг гурван мандаттай байхад, 69 мянган сонгогчтой Баян-Өлгий аймаг гурван мандаттай байх жишээтэй. 270 мянган сонгогчтой Баянзүрх дүүрэгт таван мандат байхад 200 мянган сонгогч хүрэхгүй Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймагт 10 мандат байх юм. Хүн амын тал хувийг эзэлж буй Улаанбаатар хотын иргэд 24 гишүүн, орон нутгийн иргэд 54 гишүүн сонгох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтээрээ сонгох зарчимд нийцэх эсэхийг дахин хянах шаардлагатай. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг мэдээж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ шүү дээ.
-Томгосон тойрогтой болсноор улстөрчид хариуцлагаас зайлсхийх боломж бүрдэж байна гэсэн дүгнэлт тодорхой хүрээнд байна. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?
-Хамгийн түрүүнд тулгарах бодит том эрсдэл мөн. Нөгөө талаас Монголын ард түмэн одоогийн парламентад сэтгэл дундуур байна. Залуу үеийг мөн шинэ өөрчлөлтийг хүсч байна. Гэтэл энэ систем нь залуу үеийг нийгэмд танигдах, шинэ улстөрчийг гаргаж ирэх боломжгүй болголоо. Нөгөө л байдаг өнөөгийн улстөрчид дахин сонгогдох боломжийг бүсчилсэн хөгжил гэсэн сайхан нэрийн дор халхавчилж оруулж ирж байна.
УИХ-ын тогтоолоор Баян-Өлгий аймгийг тусад нь гурван мандат бүхий нэг тойрог болгосон нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэх урианаасаа хууль тогтоогчид ухралт хийсэн эхний алхам боллоо.
Бүсчилсэн хөгжил гэсэн малгайн доор өнөөгийн эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн бодлого нь үүнээс харагдаж байна.
-Сонгуулийн хуулиар одоогийн УИХ-д суудалгүй намууд гарч ирэх боломж хэр нээлттэй байгаа вэ. Бүх намын оролцоог хангах зорилгыг тавиад байна шүү дээ?
-Энэ бол их чухал асуудал. Нэг популист нөхөр нэг тойргийг онилж улс төр хийгээд түүгээрээ дамжуулж парламентад орж ирэх бодит эрсдэл байдаг шүү дээ. Манай парламентын түүхэнд үлдсэн гашуун туршлага ч бий. Та бүхэн санаж байгаа бол 1996-2000 оны парламентад МУННам Сүхбаатар аймагт яруу найрагч О.Дашбалбар агсныг өрсөлдүүлж нэг тойрог авсан байдаг. Тухайн үеийн УИХ-ын тухай хуулиар 50+1 гишүүний ирцээр хууль баталдаг зохицуулалттай байлаа. Гэтэл эрх баригч Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, О.Дашбалбар нэг суудлыг авсан. Үүн шиг, “алтан карт”-ыг сугалчихсан хүн улстөр, парламентыг яаж тогтворгүй болгож байсныг санаж байгаа байх. Үүний жишгээр нэр дэвшиж байгаа жижиг намуудад квот тавьсан нь маш чухал. Тухайлбал, жижиг намууд нийт мандатын 50-иас дээш хувьд нэр дэвшүүлсэн байхыг шаардаж байгаа. Парламентад суудал авахын тулд нийт сонгогчдын дөрөв болон түүнээс дээш хувийг авах шаардлагатай. Бүр цаашилбал хоёр жижиг нам эвсэж сонгуульд орсон тохиолдолд нийт сонгогчдын таваас дээш хувийг, гурав бол долоогоос дээш хувийг авч байж парламентад төлөөлөлтэй болох нь сайшаалтай алхам болсон.
-Та УИХ-ын сонгуулийн хуулийн онцлогийг ерөнхийд нь хэрхэн харж байна?
-2019 онд батлагдаж, 2020 оны сонгуулийг явуулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ удаагийн сонгууль явагдах гэж байгаагаараа онцлогтой. Онцлог өөрчлөлт гэвэл парламентын гишүүдийн тоог 50-иар нэмэгдүүлж нийт 126 болголоо. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн аргаар сонгохоор болсон. Мөн сонгуулийн хандивын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлсэн.
Жагсаалтын нэр дэвшигчийг нэгийг харьцах нь нэг буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжүүлж жагсаахаар оруулсан зэрэг нь онцлог байлаа.
-Улстөрчид сонгуулийн 17 хоногийн хугацаанд тэр том тойрогт танигдана гэдэг маш хүнд болчихоод байгаа шүү дээ. Улстөрчид өөрийгөө танилцуулах сурталчилгааны үр дүнтэй хэлбэрийг та юу гэж харж байна?
-Ухуулах хуудас хэвлэлийн гурван хуудас байсныг хоёр болгож, сонгуулийн хоногийг 17 болгож өөрчилсөн. Энэ нь нэг талаас иргэдийн сонгох эрх, нөгөө талаас сонгогдох эрхийг хязгаарласан зүйл болсон. Нэгэнт бүсчилсэн том тойрогтой, явах газар их, уулзах хүн олон ийм үед нэр дэвшигчийг хэн нь хэн бэ гэдгийг таниулах хэвлэмэл материал тараах нь хамгийн үр дүнтэй хэрэгсэл болов уу. Учир нь өнөөдөр сошиал сүлжээнд нийтлэгдсэн мэдээлэлд итгэх хэцүү болчихоод байна шүү дээ. Тиймээс өөрийгөө таниулах хэвлэмэл материал тараах бололцоог нэр дэвшигчдэд хангаж өгнө гэж найдаж байна. Тэгэхгүй бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нэгдсэн байдлаар гаргаж өгсөн нийтийн самбар дээр нэг хэвлэлийн хуудасны 1/4-тэй тэнцэх хэмжээний ганц зураг наагаад л сонгуульд өрсөлдөх хязгаарлагдмал нөхцөлийг тулгаж байна. Үүнээс үүдэж маш олон сөрөг үр дагавар үүсч байна. Жишээ нь, наанадаж шинэ, залуу нэр дэвшигч гарч ирж танигдах боломжгүй. Сонгогчдын ч сонгох эрх хязгаарлагдмал байна шүү дээ. Үүнийг хууль тогтоогчид эргэн харж иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангана гэж найдаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин 2024.01.11-ний өдрийн №007(7373) сэтгүүлч Р.Хишигжаргал
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://dnn.mn/news/282579?fbclid=IwAR2ITstsCkNrRDu3qb0fJnjTv7co-VVAPNEv7yJgcjnNdVxoKKGMurQn-Ts
© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК